Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Thursday, April 18, 2013

Хөгжил...



Саяхан би Цюрихийн ХБИ-ийн нэгэн ТББ-ын хүнтэй  уулзаж байхдаа “Танай байгууллага одоо ямар асуудал дээр ажиллаж байна?” гэж асуулаа. Хариуд, манай үндэсний Төмөр Замын Сүлжээ компани энэ жил 20 орчим галт шинээр тэрэг хийж байгаа. Тиймээс бид түүнийг хийж байх үеэс нь хүртээмжтэй болгохын төлөө энэ компанитай хамтран ажиллаж байгаа гэхэд нь би их гайхсан. 

Танай вагонууд чинь хангалттай хүртээмжтэй биш үү \хүртээмжийн нь талаар оруулсан зурагнууд энд байгаа: http://oidov.blogspot.ch/2012/07/blog-post.html \. Ямар ч төрлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй хүмүүс  чөлөөтэй орж гардаг гэхэд. Тиймээ, гэвч бид зөвхөн орж зорчдог төдийгүй ресторан, тоглоомын газраар нь үйлчлүүлдэг болмоор байна, бидний тэрэг багтадаггүй юм гэж хэлсэн.

Харин Монголд бид дотор нь явж үйлчлүүлэх байтугай, орж  ч чададгүй нөхцөлийг бодоод  дотроо хүний хөгжлийн тухай бодон харуусаж  суулаа. Харуусах, болохгүй байгаа юм их л байгаа. Болохгүй байгаа юм болгоныг харааж суух нь гол нь биш байх. Харин шийдлийг олох нь илүү үр дүнтэй.

ХБИ-дэд хүртээмжтэй үйлчилгээ хэрэгтэй, харин бизнесуудад үйлчлүүлэгчид хэрэгтэй. Хэрэв ТББ нь бид энэ хороо\дүүргий.... тооны хүнээр таны үйлчлүүлэгчдийг нэмээд ....  хугацааны туршид танайхаас ийм хэмжээний худалдан авалт хийж байх болно гэсэн тооцоотой очвол хамтран ажиллахад дөхөмтэй байх. Үүний тулд сайн зохион байгуулалт, нөөцийг зөв харах нь л чухал гэж бодогдлоо.         

Friday, April 5, 2013

We demand an equal and a real participation!

Wednesday, March 6, 2013

Хүртээмжтэй Чиргүүл

Саяхан Монгол Улсын Тээврийн Удирдах Газар нийтийн тээврийнхээ үйлчилгээг  сайжруулахын тулд БНСУ-аас 30 орчим хуучин автобус худалдаж аваад их баяртай байсан. Тоо толгойг нь нэмсэндээ мэдээж баяртай байлгүй яахав. Харин чанараа мартсан. Түүгээр нь зөвхөн хорин хэдтэй залуучууд зорчин гэж бодсон бололтой. За яахав, ниргэсэн хойно нь хашгираад яахав. Монголд аль ч нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй байгаа. Үүнийг сохроогүй л бол бүгд харж байгаа. Асуудал дэвшүүлхээр, төсөв хүрэлцэхгүй - төлөвлөгөөнд ороогүй гэдэг.
Харин дор байгаа зурган дээрхи хувилбарыг эх орондоо хэрэгжүүлж болох юм гэсэн бодол нэгэн Хүртээмжтэй Чиргүүлээр зорчсны дараа төрснийгөө хуваалцая... Хялбар бас Боломжтой гэж бодогдлоо



Гаднаас худалдаж авсан автобус ба троллейбусыг Бүгдэд Хүртээмжтэй \Хөгшид, хүүхдээ түрсэн эцэг эхүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зорчиж болох\ болгоход их зардал гарна гэж тооцож байгаа бол хуучирсан, хэрэглэхээ больсон автобусныхаа арга ясыг бага зэрэг янзлан чиргүүл болгон ашиглаж болох хувилбар.
Чиргүүлдээ нугасан тулгууртай төмөр налуу зам хийж, ашиглаж болох хувилбар.




Өөр нэгэн чиргүүлийн дотор үзэмж, зай багтаамж.



Гаднаас хүртээмжгүй автобус ба троллейбус худалдаж авахын оронд ийм чиргүүл байвал яамар бол.








Thursday, February 7, 2013

Бүх нийтэд Хүртээмжтэй байх - Эдийн засгийн тооцоо


Барилга байгууламжийг бүх нийтэд хүртээмжтэй болгох асуудлыг уг барилгын эзэмшигчид болон архитекторуудтай ярилцаж байхад тэд хүртээмжтэй болгоход гарах зардлыг их асууж байгаа харагддаг. Харин  олох ашиг нь гарах зардалтай харьцуулвал ямар байхыг ихэнхдээ “мартаж” байгаа санагддаг.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Австрали улсад энэ асуудал дээр нэлээн ахиц гарсан харагдна. Ялангуяа, “Барилга Байгууламжийг ХБИ-дэд хүртээмжтэй болгох стандарт 2010”-ийг боловсруулан бүх барилга, байгууламжийг барихдаа мөрдөх Барилгын Үндсэн Заалтанд багтаан оруулж, мөрдөх боломжтой болгосон нь хамгийн чухал байлаа. Шинэ заалтыг хэрэгжүүлхээс өмнө, Заалтын Хэрэгжилтийн Үр дүнг хянах хэлтсээс (ЗХҮХ) шинэ журмаар ажилвал ямар үр дүн болон зардал гарахыг тооцож үзсэн байна.

Үүнээс хархад, хуучин барилгыг засварлан хүртээмжтэй болгох нь шинэ барилгад эхнээс нь хэрэгжүүлхээс илүү өртөг өндөртөй байх юм. Зарим төрлийн шинэ барилга, байгууламжийг эхнээс нь бүх нийтэд хүртээмжтэй барихад гарах зардал нь уг барилгын нийт өртөгийн 1 хувьтай тэнцүү гэж тооцсон байна. Үүн дотор, хэрэв уг байгууламж нь ямар нэгэн түүхийн эсвэл урлагийн өв уламжлалтай холбоотой мөн олон давхар бол зардал арай өндөр гарах нь дамжиггүй.

Гарах зардал, өртөг нь ч яахав ямар нэгэн хэмжээгээр тооцоод гаргахад хялбар юм. Харин үр ашиг нь ямар байдаг юм бол. Австралийн Статистикийн Хорооноос тооцсноор бүх нийтэд, тэр дундаа Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэд \ХБИ\-дэд хүртээмжтэй нөхцөлийг барилга байгууламжиндаа хангаагүй улмаас бизнесууд тухайн орон нутгийн хүн амаас хамааран нийт борлуулалтынхаа 14-18.5 хувийг алддаг байна.

ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт нэлээн доогуур үзүүлэлттэй байдаг. Тэргэнцэртэй Иргэдийн хувьд л гэхэд 38 хувь байх жишээтэй. Энэ нь араасаа олон үр дагавартай юм. Тухайлбал, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа иргэд төрөөс тэтгэмж авах шаардлагатай болдог ба хөдөлмөр эрхэлдэг нь нийт хүн амын дунджаас арай доогуур орлоготой байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өнцөгөөс авч үзвэл, ХБИ-дэд хүртээмжтэй нөхцөлийг үүсгэж хөдөлмөр эрхлэлтийг нь нэмэгдүүлвэл, тэдний орлого нэмэгдэх болно ингэснээр илүү чадамжтай үйлчлүүлэгчид ч нэмэгднэ гэсэн үг юм. Мөн, засгийн газрын тэтгэмжинд ч бага төсөв ноогдох болно.

ХБИ-дэд гэж зориулж байгаа юм шиг болов ч үнэн хэрэгтээ хүртээмжтэй нөхцөл бүгдэд хожоотой зүйл юм. 
Орцны хаалга өргөн байхад тавилга эд хогшил зөөж оруулхад хялбар, зөв хийсэн шатны  бариул болон өвөлдөө хальтардаггүй, шөнө гэрэлтдэг шат олон хүмүүсийн амь нас эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй эмнэлэгийн зардалаас чөлөөлөх нь дамжиггүй. Гарч болох эрсдэлээс сэргийлэх, зардалаа хэмнэх гэх мэт олон үр ашиг байгаа ба энэ бүгдийг мэдээж илүү сайн судлаж хэмжих хэрэгтэй. Түүнчлэн, нялхстай тэрэг түрсэн эцэг эхчүүд, настнууд  болон түр зуурын гэмтэл авсан спортынхон болон бусад хүмүүс мөн энэхүү хүртээмжтэй нөхцөлөөс “ашиг” хүртэх юм. Хүртээмжийн асуудал бол цөөхөн бүлэг хүмүүсийн асуудал биш гэдэг нь олон зүйлээс харагддаг. Аялал Жуулчлал хэмээх том салбарт хүртээмж маш чухал байр суурь эзэлдэгийг бас яахан мартаж болох билээ.

Хүн амын насжилт өндөрсөж байгаа энэ үед амины орон сууцнуудыг хүртээмжтэй буюу зөв зохион байгуулалттайгаар барих нь хэзээ хэзээнээс илүү чухал. Үл ойшоовол, эмнэлэгт хэвтэгсэдийн тоо нэмэгэдэх ба гэрээр асаргаа үзүүлэх үйлчилгээний зардлыг нэмэх зэрэг үр дагаварууд биднийг хүлээж байгаа. ХБИ-д болон бусад дээрх дурьдагсан бүлгийн хүмүүс амьдарч байгаа баригдсан барилгыг хүртээмжтэй болгоход гаргах зардлыг төрийн оролцоотойгоор хэсэгчлэн шийдвэл бид зөвхөн тэнд амьдарч байгаа хүмүүс төдийгүй тэднийг асардаг, өдөр тутам ирдэг зочид гийчдийн өмнө гарах эрсдлийг мөн багасгах юм. Энэ мэт гарах үр ашигуудыг илүү сайн судлах шаардлагатай бөгөөд үр дүн нь зөвхөн ХБИ-р хязгаарлагдахгүй гэдэг нь маргаангүй юм.

Доорхи эх сурвалжаас хөрвүүлэв:



Wednesday, September 5, 2012

Автобусаар нээх сайхан явахсан!!!


Би яг одоо бол УБ-аас нэлээн хол байгаа.  Гэвч тэнд автомашины түгжрэл багассан, нийтийн тээвэрээр зорчих их сайхан хурдан, дөт болсон гэж олон найзууд минь хэлж байна. 

Харин дан УБ-д л гэхэд 70 мянга орчим байгаа Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн хувьд энэ асуудал ямар байгаа бол гэж бодогдох юм?

Өнгөрсөн удаа 1-р зам дээр машин зогсохыг хориглоход, такси барих өөр аргагүй байдаг над шиг хүнд өвөлийн улиралд нэлээн хүнд байсан санагдна. Манайх зам болгон дээр таксины зогсоолтой билүү, тэргэнцэртэй, таягтай хүн хэр удаан зогсож, алхаж чадах билээ гэх мэт асуудлыг бодолцвол.

Олон нийтэд таалагдаж байгаа санаачлагын "буруу"-г нь харах гэсэндээ биш юм шүү. Гэвч одоо байгаа нөхцөл байдлыг сонсохлоор ийм л нэгэн дүр зураг харагдаад байх юм. 
Такси барих гэтэл угийн цөөн олддог эсвэл тэргэнцэртэй хүн голоод авдаггүй таксинууд "ойртож" зогсохгүй юм байна. Зогсдог газар очих гэтэл хөл минь хол явахгүй юм байна.
Олонд таалагдаад эхэлсэн нийтийн тээврээр явах гэтэл орж, гарах нь хэцүү, хүртээмжгүй байдаг. Тэгэхлээр, байдал, ямартаа ч ХБИ-ийн хувьд хэцүү байгаа юм шиг. Хэрэв би буруу бодож байгаа бол залруулж өгөөрэй.

Эцэст нь миний хэлэхийг хүсэж байгаа зүйл бол. ХБИ-ийн ТББ-ууд нийлээд, хамтдаа  шинэ хотын даргатай уулзаад Нийтийн Тээврийг хүртээмжтэй болгох асуудлыг, энэ бүх шинэ санаачлагууд ид өрнөж байгаа үед нь ярилцаад хамтын шийдэлд хүрээсэй. Төсөв байхгүй, төлөвлөгөөнд ороогүй гэж хойшлуулалгүйгээр шийдээсэй гэж хүсэж байна.

Харин үүнийг уншаад дэмжиж байгаа бол найз нар минь энэ үгийг аль болох олон хүнд түгээж, тарааж, шэйрлэж өгөхийг хүсье.

Монгол улс 130 мянга гаруй (нэг том аймаг сумтайгаа нэмэх нь өөр нэг аймгийн нэг хэсэг сумдын хүн амтай тэнцэх) хүнээ Нийгэм, Эдийн Засаг, Улс Төрийн эрхээ эдлэх нөхцөлийг хангах ёстой гэж би бодож байна. 

Friday, August 10, 2012

Хүн бүрт хүртээмжтэй орчин бүрдүүлье

http://youtu.be/_0yIp0_kWls

Saturday, July 14, 2012

Сонсох ёстой мессэж


Cаяхан нэгэн захидал хүлээж авлаа. Захидлыг нэг уншчихаад дахин хоёр ч удаа давтан уншлаа. Яагаад гэвэл энэ захидалд Монголын ХБИ-д, ТББ-ууд тэр дундаа Монголын Сонсголын Бэрхшээлтэй Хүмүүсийн амьдралын олон талыг, туулах ёстой болдог замыг их тодорхой дүрсэлсэн байхыг олж харсан юм. Олон Улсад Монголын ХБИ-ийн амьдралыг танилцуулах үүднээс захидлыг Англи хэл дээр хөрвүүлэн тавих бодол байгаа ба энэхүү захидлыг бичсэн эзнээс нь зөвшөөрөл аван уншигч та бүгдэд энэ захидлыг толилуулж байна. 



"Сайн байна уу? 

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болохын хувьд өөрийн тухай товчхон бичье, бүх иргэдийг төлөөлж ярих гэвэл хэцүү л дээ. Сонсгол хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн хувьд боловсролын асуудал нилээн хэцүү талдаа байна. Миний хувьд 10 жилийн боловсролоо аав ээж, ах эгчийнхээ тусламжтайгаар өөрөө бие дааж эзэмшсэн гэхэд болно. Монголд ганц 29 гээд дүлий хүүхдэд зориулсан сургууль байдаг, албан ёсоор улсаас бүх дүлий хүүхдийг тэнд сургах шийдвэр гаргаж, тушаалаар суралцуулдаг байлаа. Гэхдээ ээж аав маань 29-ийн багш нартай уулзсны дараа гэртээ байлгахаар болсон. Нэг багш нь 29-д хүүхдээ сургаад бүр хэн ч биш болгоод эвдэж хаяад, сүүлдээ авахад хэцүү, хаяхад хэцүү дараатай л хүн болно доо гэсэн утгатай юм хэлсэн юм билээ.

Нэгэнт сургуульд сургахад хүндрэлтэй болохоор гэртээ дөрвөн аргын тоо болон бусад зүйл зааж өгч байсан, ерөнхийдөө би өөрөө л хүссэн зүйлсээ сурсан л даа. Гэхдээ Хими, Физик гэх мэт нарийн мэргэжлийн хичээлүүдийг бол шууд хаясан. Тэгээд Албан бус боловсролын програмаар 10 төгсөх гэрчилгээний шалгалт өгч гэрчилгээгээ авч байлаа. Тэр гэрчилгээтэй болсноор цааш их, дээд сургуульд элсэхэд амар болсон. Өөрийгөө гэрийн боловсролтой гэж маш их голдог байлаа, гэтэл олон жилийн дараа 29 төгссөн хүүхдүүдтэй танилцаж, хамт ажиллаж эхлээд үнэндээ гайхсан шүү. Тэд нар 10 жил 29-т сурсан хэдий ч бичиг үсгийн чадвар маш муу, зарим нь бичиг үсэгт тайлагдаагүй шахам байсан. Хамгийн хэцүү нь тэд ерөнхийдөө зөвхөн өөрсдийн хүрээнд, өөрсдийн соёлоор харьцдаг, олон нийтийн болоод эрүүл хүмүүсийн соёлоос үнэдээ тасархай, харь байдаг нь байсан. Хэлгүй, дүлий хүн бичгийн чадвар муутай байдаг гэж дэлхий даяар ерөнхийдөө мэдэж болох ч монголд сул сонсголтой хүмүүс нь ялгаагүй дүлий сургуулиар яваад соёлын хязгаарлалтанд ороод тийм сонин болчихсон байдаг юм билээ.

Их дээд сургуульд Баклаварт 4 жил, Мастерт бараг 2 жил нийт 6 жил сурахдаа орчуулагчтай байж үзээгүй ээ. Би өөрөө муу хэдий ч бага сага ярьдаг болохоор багш нараасаа асуух юмаа асууж, хариугаа бичүүлж аваад гардаг, ангийхаа хүүхдүүдийн хажууд сууж лекцээ бичиж авдаг, тэгээд бүх юмаа бие дааж номноос сурдаг байсан. Хааяа их бухимддаг, хувиасаа мөнгөө төлж сурч байгаа хир нь багш нараараа юу ч заалгаж чадалгүй бүгдийг бие дааж сураад явдагтаа уур хүрдэг байсан. Ангийхан маань багшийн жишээ, амьдралтай холбож ярьж байгаа хөгтэй явдал, ангийн оюутнуудын санаа оноо, асуулт зэргийг бичиж авдаггүй, бичүүлэх гэхээр уцаарлаад хичээл биш гээд өнгөрдөг байсан болохоор зөвхөн номноос уншиж, тэрийгээ лекцтэйгээ тулгах, өөрөө ном, сурах бичиг хайж олох гэх мэтээр л явж сурсан. Угаас Монгол багш нар оюутантайгаа тулж ажилладаггүй учраас энийг хангалттай гэж дүгнэдэг байсан байх.

Ерөнхийдөө сонсголын бэрхшээлтэй байх нь олон юмнаас хоцорох, мултарч үлдэх шалтгаан болдог. Өөрийгөө аль болох дайчилж амьдардаг ч заримдаа залхнаа. Шинэ хүнтэй уулзах, танилцах, хамтарч ажиллах болгондоо бүх намтар түүх, яагаад дүлий болсон, яагаад ийм байдлаар амьдарч байгаа, надтай яаж харьцвал ойлголцох боломжтой зэргийг тайлбарласаар сүүлдээ өөрөө мэдэхгүй шантардаг болчихдог юм байна. Манай Монголчууд яг одоогийн өмнө нь зогсож байгаа энэ хувь хүн нь ямар чадвартай, ямар хүн бэ гэдгээс илүү яагаад хөгжлийн бэрхшээлтэй байгаа юм, шалтгаан нь юу юм, тэгээд яаж эрүүл болом юм гээд л бидний ярих дургүй, өөрчилж болохгүй тэр асуудлыг л залхтал асуудаг.

Нийгэмд ХБ-д зориулсан шинэ боломж гарлаа, өөрчлөлт гарлаа гэдэг ч тэр нь дүлий, хэлгүй, сонголын бэрхшээлтэй хүмүүст хамаагүй байдлаар явж байна. Монголд мэргэжлийн сургуулиар бэлтгэгдсэн орчуулагч байдаггүй, мэргэшсэн, сүмд дүлий хүмүүстэй явж байгаад дохио сурсан гэх мэт орчуулагч нар байдаг, эсвэл сул сонсголтой хүмүүс өөрсдөө орчуулагч хийдэг юм. Гэхдээ маш цөөн яаж ч цуглуулаад 10 хүрэхгүй байгаа байх. Одоо энэ сонгуулиар жишээ аваад ярихад би санал өгөхгүй юм шиг байна. Хөдөөний паспорттой, хотод түр амьдарч байгаа энэ сонгуулийн нутаг дэвгэртээ санал өгөх гэхээр дүлий учраас өчнөөн тайлбар тавьж, ойлгуулах гэж махаа идэх байх, мөн ямар аргаар яаж сонууль өгөхийг сайн мэдэхгүй байгаа гээд тээршаагаад сууж байна.

Монголд ХБ иргэд хөгжиж байгаа гэдэг ч харахад дандаа тулах хөдлөх хөдөлгөөний бэрхшээлтэй, тэргэнцэртэй, хараагүй иргэд байна. Дүлий иргэд үнэндээ орхигдож байна шүү. Ганц нэг хүн сургууль төгссөн, сургуульд элссэнийг амжилт, үсрэлт гэж дүгнэж болохгүй байх. Тэр хүмүүсээр жишээ авахаас бус өөр бусад хэрэгтэй юм одоогоор гараагүй байх шив дээ.

Гадагш сурах тухайд гэвэл Монголын дүлий хүмүүсээс нутагтаа TOEFL, IELTS өгөөд сургуульд шалгарсан хүн үнэндээ байдаггүй штэ. Галладуетийг өмнө нь нэг ах төгссөн, одоо нэг охин сурч байгаа. Энэ хүмүүс 2-3 жил тэндээ тэтгэлэгээр англи хэл сурч байж цааш магистрын түвшний сургалтанд орсон хүмүүс байдаг юм. Өөр хэд хэдэн дүлий залуус англи хэлний сургуульд нь элссэн ч хувиасаа төлбөрөө төлж дийлэхгүй гарсан юм билээ.
Монголд англи хэлний сургалтын төвүүд дүлий хүнийг бараг авдаггүй, авлаа гэхэд багш нар нь харьцаж, зааж чадахгүй, дохио мэддэггүй учраас бас л биеэ даагаад сурах болдог. Тэгээд олон улсын стандартад тэнцсэн шалгалтыг нь өгье гэхээр бас шалгалта авах газар олддоггүй юм билээ.

Дүлий иргэдийн нийгэмлэгийн хувьд дүлий хүмүүс ерөөсөө нэгдэж чадахгүй байна. Дүлий хүмүүсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 44 ТББ байгаа. Гэхдээ дарга нар нь хоорондоо таарамж муутай, ихэнхи ТББ нь бусдыг дагаж байгуулсан ч ур чадвар хүрэхгүй, үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болоод ажилладаггүй юм шиг билээ. 

Дэлхийн дүлий иргэдийн холбооны гишүүн Монголын Дүлий Иргэдийн Нийгэмлэг гэж байгаа. Гэвч даргых нь эрх аль 2007 онд дууссан, хэсэг дүлий хүн нэгдэж хурал зарлаад 2007 онд өөр хүнийг даргаар сонгосон ч хуучин дарга нь тамга тэмдгээ өгөхгүй зугтаагаад өнөөг хүрсэн. Одоог хүртэл өөрийгөө дарга гээд гадаадад хурал зөвөлгөөнд явсаар байгаа. Харин дотооддоо юу ч хийдэггүй. Даргаа солих гээд ядчихсан, дарга нь заавал таг дүлий, хэлгүй хүнд л тамгаа өгнө гэж зүтгээд бас сүүлдээ дүлий хүмүүс өөрсдөө дүлий, сул сонсголтой хүмүүс тусдаа байх нь зөв, хоёр тусдаа холбоо байгуулвал зөв гэсэн юм ярьж гарч ирээд асуудал үүсээд байгаа юм билээ.
Таныг сурах боломжийн талаар асуусан болохоор өөр дээрээ жишээ аваад сонсголын бэрхшээлтэй, хэлгүй дүлий хүмүүс яаж амьдарч, сурч байгаа талаар нуршуу юм бичлээ. Дүлий хүмүүсийн байдлыг ойлгоход бага болов ч тус болно гэж бодож байна.

Уншсанд баярлалаа.

Хүндэтгэсэн,

Friday, July 6, 2012

Монгол улс хүртээмжтэй орчиныг бүрдүүлэх ёстой.


Өнөөдөр, би, амьдарч байгаа орчиноо хүртээмжтэй байдал талаас нь харуулсан хэдэн зураг тавиж та бүгдтэй хууваалцахыг хүслээ.  

Гадны оронд амьдарч байгаадаа бардуулах гэсэн үүднээс биш, харин хүртээмжтэй орчинг хэрхэн бүгдэд \бэрхшээлтэй болон бэрхшээлгүй гэдгээс үл хамааран\ зохистой хийж болох вэ гэсэн шийдэлийг түгээхийг зорилгоо болголоо.

Миний хамгийн их хэрэглэдэг нийтийн тээвэр бол цахилгаан - галт тэрэг. Ихэнхдээ галт тэрэгний шал нь гаднах тавцантайгаа нэг түвшинд байдаг ба тэргэнцэртэй шууд орход хүртээмжтэй байдаг. Галт тэрэг зогсход төмөр тавцан гарч ирээд, хөдлөхөд нь цааш ордог. 


Хоёр вагон тутам хүртээмжтэй 00-ийн өрөөтэй. Ингэхдээ ямар ч хүнд зохистой, хүртээмжтэй байхыг бодолцсон ба орон зай нь хангалттай байдаг.


Зарим хуучин болон орон нутгийн галт тэрэгнүүдэд хэрэглэдэг өргөгч лифт.







Энэ бол автобусанд яваа ХБ-тэй зорчигчийн зорьсон буудалдаа буухдаа дарах товчлуур.  

Дээд талын дэлгэцээр буух буудлаа харна. Сонсголын бэрхшээлтэй хүмүүст их хүртээмжтэй.  Мөн буудал бүрийг урьдчлан зарладаг тул харааны бэрхшээлтэй хүмүүст мөн хүртээмжтэй.

Энэ бол тэргэнцэртэй хүмүүст орход тусалдаг нугасан тулгууртай  налуу зам. Үүгээр ХБИ-ээс гадна, настангууд болон тэрэг түрсэн ээжүүд их явдаг. Монголд хэрэглэхэд их боломжтой, өртөг багатай шийдэл гэж бодож байгаа.


Шуудангийн Газар.



Төмөр зам руу орох гарц\орц нь энгийн шатнаас гадна налуу замтай.




Галт тэрэгний хуваарийн тухай мэдээлэл нь тоон самбар болон зарлал хэлбэрээр зарлагддаг байдал нь мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангаж байдаг.

Автобусанд байсантай ижил мэдээллийн систем. Товчлуур, Тоон Самбар, Дуут Дохио.

Товчлуур нь тэргэнцэртэй болон өөр ямар ч хүнд хялбар байх өндөрт байрлсан ба зөөлөн даралттай.
Нэгэн ТВ сувгаар ийм нэгэн хүн хөтлөгч хийж байхыг харлаа.  Харин  Монголд бидэнд ХБИ-р ТВ-ийн нэвтрүүлэг хөтлөхийг зөвшөөрөх үү? Та юу гэж бодном?  






Sunday, May 6, 2012

Inaccessible Mongolia/Хүртээмжгүй Монгол




Today I am posting some pictures of ramps built improperly in Mongolia. Those are just few of many ramps built in Mongolia without knowing the real needs of People with Disabilities. It is not enough just to built ramps. Main thing is it has to be accessible, usable by any PWD without any external support. The consequence of this improper facilities are negative impact on people who are in condition to use them daily. People loose their self confidence and feel as humiliated. PWDs feel themselves as segregated and discriminated.The pictures are collected by members of Disability Community of Mongolia. 
Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд зориулж байгуулсан гэх боловч тэдний бодит хэрэгцээг бодолгүй барьсан зарим налуу замуудын зургуудыг тавьж байна. Энэ зурагнууд бол Монголд "буруу" баригдсан олон тооны жишээнүүдийн зөвхөн нэгээхэн хэсэг нь юм. Налуу Замыг зөвхөн байгуулах нь чухал биш. Хамгийн гол нь өөр хэн нэгний тусламжгүйгээр өөрсдөө ашиглаж чадахуйц Хүртээмжтэй байх нь чухал юм. Өдөр тутам эдгээр налуу замуудыг хэрэглэхээс өөр аргагүй байдаг Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд энэхүү буруу шийдэл нь маш сөрөг нөлөөтэй байдаг. Энэ нь юуны түрүүнд тусгаарлагдмал, ялгаварлан гадуурхлтыг бий болгодог. Тусгаарлагдсаны улмаас ХБИ-д өөртөө итгэх итгэлээ алдаж, доромжлуулсан мэт сэтгэгдэлтэй үлддэг. Эдгээр зургуудыг Монголын ХБИ-ийн нийгэм, хамт олны гишүүд цуглуулав.