Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Monday, August 8, 2011

Төрөлт нэмэгдэхийн хэрээр тархины саажилттай хүүхдийн тоо өсөж байна


-Гэтэл өрхийн эмч нарт нярай хүүхдийн мэдрэлийн тогтолцоог хянах мэдлэг байхгүй байна-

СХД-ийн иргэн: Эрүүл мэндийн яамны сайд С.Ламбаа танаа


НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид "Аль ч улс орон нь, сэтгэцийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч, тэдний нийгэмд эзлэх байр суурийг баталгаажуулж, идэвхжүүлж байх нөхцлийг бүрэн хангахыг хүлээн зөвшөөрөх ёстой"-г заасан байдаг.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн амьдралд бүрэн, адил тэгш оролцуулах гэсэн хэрэг юм. Гэтэл манайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүн гэж харахаа болиод удаж байна. Өрөвдөхөөс хэтрэхгүй байсаар өнөөг хүрсэн энэ хүмүүсийн амьдрал улам бүр төвөгтэй болж байна.

Сүүлийн үед төрөлхийн эмгэг, гажигтай хүүхэд олноор төрөх болсон. Үүнтэй зэрэгцэн өвчлөгсөдийн тоо нь нэмэгдэж буй өвчинд тархины саажилт багтаж байна. Тиймээс үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовж, шөнө бүр нойргүй хонодог олон аав, ээжийг төлөөлөн дараах мэдээллийг танд хүргэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаархи нэгдсэн тоо баримт хэрэгтэй байна 

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ихэнх буюу 66.4 хувь нь орлогын эх үүсвэргүй өрхөд амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр хүүхдийг өсгөхөд энгийн хүүхдээс ч илүү асаргаа, мөнгө шаардагддаг. Гэтэл тэдний цөөнгүй хэсэг нь тусгай сургуульд хамрагдаж, дийлэнх нь гэртээ, эцэг, эхийн асаргаанд, ядруухан амьдардаг.

Зарим нь сум, хорооны бүртгэлд хамрагдаагүйгээс халамж ч авч чаддаггүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх нэгдсэн тоо баримт, нарийвчилсан судалгаа хэрэгтэй байна. ДЭМБ, ЭМЯ, Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаа байдаг ч тоо, баримт хоорондоо зөрүүтэй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дахин илрүүлэх, бүртгэлжүүлэх шаардлагатайг харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар олон улсын жишиг ангиллын дагуу нарийвчлан гаргасан бүртгэл, төрөлжүүлсэн мэдээллийн сан Монгол Улсад одоог хүртэл алга.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өрхийн эмч нар оношилж чаддаггүй

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд халамжийн мөнгө авдаг учраас сум хороондоо бүртгэлгүй байх ёсгүй гэж үздэг хүмүүс бий. Гэтэл хуульд тухайн хүүхдийн чадвар алдалтын хувь 50-аас дээш байсан тохиолдолд группын мөнгө өгнө гэж зааснаас болж олон хүүхэд халамжийн мөнгөнд хамрагдаж чаддаггүй.

Энэ чиглэлээр судалгаа хийсэн мэргэжилтэн "Баянхонгор аймагт тархины саажилттай хүүхдээ хүн, амьтнаас нуудаг, илүү гэртээ хорьдог, хүн ирвэл хөл, гарыг нь уяхаас наахнуур хөшигний цаана суулгадаг цөөнгүй айл байдаг" хэмээн ярьж байсан. Ийм жишээ Монголд олон бий. Энэ асуудлыг Монголд хүүхдийн эмчийн тоо хэд дахин цөөрсөнтэй холбоотой гэж ойлгож бас болно.

Өрхийн эмч нарт нярай хүүхдийг үзэх, хүүхдийн мэдрэлийн тогтолцоог хянах мэдлэг байхгүй нь манайхны хувьд тулгамдсан асуудал болоод байна. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг багад нь өрхийн эмч нар оношилж чаддаггүйгээс тэдэнд тохирсон эмчилгээ, үйлчилгээг цаг тухайд нь хэрэгжүүлж чаддаггүй. Тухайн хүүхдийн өвчний байдлаас хамаарч өөр, өөр эмчилгээ хийгдэг ч өвчний оношийг хэдий чинээ эрт тогтоож, эмчилгээ хийлгэснээс шалтгаалж үр дүн нь гардаг.

Энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Ядаж хот, хөдөөгийн өрхийн эмч нарт бага насны хүүхэд болон нярайн мэдрэлийн үйл явцыг хянах мэдлэг олгох хэрэгтэй байна. Мөн дүүрэг бүрийн нэгдсэн эмнэлэгт тархины саажилттай хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг хөдөлгөөн засалчтай болох шаардлагатай байна. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн мэдлэг олгох хичээлийг багтаах, мөн энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх нь чухал юм.

Учир нь төрөлт нэмэгдэх тусам энэ тоо өснө.

Хүүхдийн мэдрэлийн эмч хүрэлцэхгүй байна

Тархины саажилт бүрэн эдгэрэхгүй мөн даамжирдаггүй гэдгээрээ онцлог. Гэхдээ сэргээн засах эмчилгээ буюу хөдөлгөөн засал, ахуй засал, хэл засал, усан эмчилгээ, цахилгаан эмчилгээ, тосон бариа, зүү төөнүүр, рашаан сувилал, мэдрэлийн эмнүүдтэй хавсран эмчилбэл хүүхэд сайжрах бүрэн боломжтой гэж эмч нар үздэг.

Гэтэл манайд хүүхдийн мэдрэлийн үйл явцыг cap бүр эмчид хянуулах тогтолцоо байхгүй. Хүүхдийн мэдрэлийн эмч ч хүрэлцэхгүй байна. Одоогийн байдлаар Монгол Улсад хүүхдийн мэдрэлийн зургаан эмч байдаг. Тэд ЭХЭМҮТ буюу хуучнаар ЭНЭШТ-д төвлөрдөг. Өөрт оногдсоноос хэд дахин илүү их ажлыг хийцгээдэг. Мөн нарийн оношилгооны тоног төхөөрөмж дутмаг. Тархины цахилгаан бичлэг хийх аппаратаар одоогоос хэдэн жилийн өмнө тоноглогдсон.

Өнөөдөр энэ төхөөрөмжийг эмнэлгийн хэмжээнд ганц хүн л ажиллуулж мэддэг. Тэр нь удахгүй өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа гэж дуулдсан. Тэгэхээр боловсон хүчний асуудалд анхаарах цаг болжээ. Мөн мэдрэлийн булчингийн оношилгоог мэргэжлийн бус хүн хийдэг гэсэн. Тиймээс эрхэм сайд та энэ мэт асуудалд анхаарлаа хандуулж ажиллана гэдэгт итгэж байна.

Одоогоор манай улсад мянган төрөлт тутамд хоёр хүүхэд ийм өвчтэй төрөх болсон нь Европын орнуудтай харьцуулахад их байна гэсэн үг шүү, сайд аа.

Э.Туул 

Эх сурвалж: www.gogo.mn 

0 comments:

Post a Comment