Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Wednesday, September 5, 2012

Автобусаар нээх сайхан явахсан!!!


Би яг одоо бол УБ-аас нэлээн хол байгаа.  Гэвч тэнд автомашины түгжрэл багассан, нийтийн тээвэрээр зорчих их сайхан хурдан, дөт болсон гэж олон найзууд минь хэлж байна. 

Харин дан УБ-д л гэхэд 70 мянга орчим байгаа Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн хувьд энэ асуудал ямар байгаа бол гэж бодогдох юм?

Өнгөрсөн удаа 1-р зам дээр машин зогсохыг хориглоход, такси барих өөр аргагүй байдаг над шиг хүнд өвөлийн улиралд нэлээн хүнд байсан санагдна. Манайх зам болгон дээр таксины зогсоолтой билүү, тэргэнцэртэй, таягтай хүн хэр удаан зогсож, алхаж чадах билээ гэх мэт асуудлыг бодолцвол.

Олон нийтэд таалагдаж байгаа санаачлагын "буруу"-г нь харах гэсэндээ биш юм шүү. Гэвч одоо байгаа нөхцөл байдлыг сонсохлоор ийм л нэгэн дүр зураг харагдаад байх юм. 
Такси барих гэтэл угийн цөөн олддог эсвэл тэргэнцэртэй хүн голоод авдаггүй таксинууд "ойртож" зогсохгүй юм байна. Зогсдог газар очих гэтэл хөл минь хол явахгүй юм байна.
Олонд таалагдаад эхэлсэн нийтийн тээврээр явах гэтэл орж, гарах нь хэцүү, хүртээмжгүй байдаг. Тэгэхлээр, байдал, ямартаа ч ХБИ-ийн хувьд хэцүү байгаа юм шиг. Хэрэв би буруу бодож байгаа бол залруулж өгөөрэй.

Эцэст нь миний хэлэхийг хүсэж байгаа зүйл бол. ХБИ-ийн ТББ-ууд нийлээд, хамтдаа  шинэ хотын даргатай уулзаад Нийтийн Тээврийг хүртээмжтэй болгох асуудлыг, энэ бүх шинэ санаачлагууд ид өрнөж байгаа үед нь ярилцаад хамтын шийдэлд хүрээсэй. Төсөв байхгүй, төлөвлөгөөнд ороогүй гэж хойшлуулалгүйгээр шийдээсэй гэж хүсэж байна.

Харин үүнийг уншаад дэмжиж байгаа бол найз нар минь энэ үгийг аль болох олон хүнд түгээж, тарааж, шэйрлэж өгөхийг хүсье.

Монгол улс 130 мянга гаруй (нэг том аймаг сумтайгаа нэмэх нь өөр нэг аймгийн нэг хэсэг сумдын хүн амтай тэнцэх) хүнээ Нийгэм, Эдийн Засаг, Улс Төрийн эрхээ эдлэх нөхцөлийг хангах ёстой гэж би бодож байна.