Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Tuesday, February 15, 2011

Цөхөрлөөс тэмүүлэл рүү

АНУ болон гадаадын бусад орнуудад өөрийн мэргэжил боловсрол, авъяас чадвар, хичээл зүтгэлээрээ хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн орон зай, байр суурьтай болж чадсан Монгол залуус олон бий. Тэдэнтэй манай сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Г.Галбадрах уулзажАмерикийн Монголчуудцуврал ярилцлагааНийгмийн тольсониныхоо уншигчдад хүргэж байгаа билээ. Ингээд Б.Намираатай хийсэн доорх ярилцлагыг нь толилуулж байна. ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ТЭМЦЭЛ
НАМТРЫН ТОВЧООН:
Балжиннямын Намираа

-          1980 онд Улаанбаатар хотод төрсөн
-          1987 онд нийслэлийн 43 дугаар сургуульд элсэж 1992 онд хэлгүй сонсголгүй
болсны улмаас сургуулиас гарсан
         1995-1997 онд 29 дүгээр сургуулийг бүрэн бус дунд боловсролын
гэрчилгээтэй  төгссөн
         2001 онд Нийслэлийн II сургуулийг төгссөн
         2001-2005 онд МУИС-ийг хэл шинжлэлийн бакалавр зэргээр
         2005-2007 онд МУБИС-ийг боловсрол суд лалын магистр зэргээр төгсчээ
         2009 оноос АНУ-ын Gallaudet University-д мастерт суралцаж буй


- Уучлаарай та хэлгүй, сонсголгүй болсон тухайгаа ярьж болох уу?

Би эрүүл саруул төрж өссөн л дөө. 12 настайдаа менингет өвчин тусч, өвчин нэлээд хүндэрсэн. Их л олон янзаар эмчилгээ хийлгэж байсаар эцэст нь нэг л сонголт дээр очлоо. Судсанд хийдэг тариа сонсголд шууд нөлөөлж сонсголгүй болгодог юм билээ. Намайг ухаангүй байх тэр үед аав ээж минь энэ сонголтыг хийсэн. Мэдээж тэд хүүхдээ алдаж байхаар, сонсголгүй ч гэсэн амьд авч үлдэхийг л хүссэн байх. Олон жил огт сонсголгүй байсны улмаас аяндаа л хэл яриа өөрчлөгдөж, муудаж эхэлсэн. Одоо ч миний ярихыг хүмүүс сайн ойлгодоггүй. Зарим нь “чи Монгол хэл сурч байгаа гадаад хүн үү гэж хүртэл асуудаг юм.

- Хэцүү хэрнээ амаргүй сонголт. Гэхдээ хүн амьд үлдэнэ гэдэг бас л их боломж биз дээ?

Эрүүл байсан хүүхэд ийм хувь заяатай эвлэрэхэд хэцүү л байлаа. Бүх л амьдрал өнгөрлөө. Би хэнд ч хэрэггүй болж хувирсан мэт бодогдсон шүү. Ийм байдалтай болмогцоо шууд л сургуулиа орхисон. Сонсохгүй, ярьж чадахгүй байгаадаа бусдаас ичиж, бас гутарч байсан. Аав, ээж минь намайг өрөвдөвч яаж ч чадахгүй. “Миний охин гэртээ л байж бай, аав, ээж хоёр нь насаар нь чамайг тэжээж чадна” гэх. Миний сэтгэлээс “Яагаад би бусадтай адил байж чадахгүй гэж”, “Яагаад би бусдаар тэжээлгээд зүгээр сууж байх ёстой” юм гэсэн бодлууд салахгүй байсан юм.

- Хүн өөрт тохиолдсон хувь заяаны хүнд нөхцөлтэй эвлэрэхгүй байх гэдэг л тэмцлийн эхлэл болдог. Яагаад гэдэг олон хариу нэхсэн бодлууд гарцыг хайх хүсэл рүү хөтөлдөг үү?

Яг сонсголгүй болсны дараа ертөнц тэр чигээрээ л хөмөрчихсөн юм шиг л санагдаж, ирээдүйгээ таг харанхуйгаар л төсөөлж байлаа. Хоёр жилийн турш эмнэлгээр явахдаа “Буцаад сонсдог болчих болов уу” гэсэн найдлага тээж явсан. Гэвч найдвар тасарч, “Хэзээ ч буцаж сонсголтой болохгүй” гэдгийг хэлсэн эмч, надад 29 дүгээр тусгай сургуулийн тухай ярьж, зааж зөвлөсөн. Энэ сургуульд орж суралцаад Монгол дохионы хэл сурч, олон сайхан найз нөхөдтэй болсондоо маш их баяртай явдаг. Яг үнэндээ тэнд суралцсан 2.6 жил надад амаргүй байсан. Сурах хүсэлтэй очсон надад тэд яг л оюуны хомсдолтой хүүхэд шиг л хандаж байлаа.

- Чухам юу нь таалагдахгүй байв?
Сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй нь эрүүл хүүхдийнхээс огт өөр. Тус сургуульд очоод нэг юм болохгүй байгааг би шууд л ойлгосон. Ингээд сургуулийн захиралдаа өргөдөл бичиж, сургалтын чанараа сайжруулах шаардлага тавьсан. Тэр үед үнэндээ сургалтын чанар, багш нарын ёс зүй, хариуцлага гэж байгаагүй. Дөнгөж 16 настай жаахан охин тухайн үед багш нараасаа “хичээлээ заасан шиг заагаач, сурагчдад мэдэх ёстой зүйлийг нь мэдүүлээд өгөөч” гэж л шаардсан хэрэг. Харамсалтай нь хэн ч намайг ойлгож, дэмжээгүй. Тэр ч байтугай багш нарын хурлаар оруулж, бүх багш нарын өмнө зогсоож байгаад л “чи бол хамгийн муу сурагч, ёс зүйгүй, ухаангүй тэнэг, юм ойлгодоггүй” гэх мэтээр загнахад, би гомдсондоо асгартлаа уйлж байлаа. Тэр сургуулийг орхиж гарахдаа өөртөө “би заавал буцаж ирнээ, энэ сургуулийг өөрчилнө, хэлгүй сонсголгүй хүүхдүүд юу хийж чаддагийг харуулна” гэж амласан. Амьдралынхаа зорилгыг ингэж л өөртөө тавьсан .Гэхдээ энэ бол өшөө хорсол биш ээ. 16- хан настай жаахан охин өс хонзон, атаархал хорсол гэж мэдэхгүй шүү дээ. Энэ бол миний хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил минь л байсан. Миний нүдийг нээж, амьдралын зоригийг минь зааж өгсөн болохоор 29 дүгээр сургуульдаа баярлаж талархаж явдаг.

ТҮҮНИЙ ИХ ХҮСЭЛ СУРАХ БАЙВ
- Гэхдээ мэдээж сурах их хүслээ орхиогүй биз дээ?

29 дүгээр сургуулиас гараад л би өөрийн зорилгоо тодорхойлсон. Эхлээд юу хийх вэ. Түүний дараа гэхчлэн нэг бүрчлэн бичээд ханандаа хадчихсан. Тэгээд II сургуулийн дэргэдэх “Ажилчин залуусын оройн сургуульд” орохоор очиход Рэнжин захирал нилээд цааргалж, “өмнө нь нэг хэлгүй хүүхэд оруулсан чинь сурч чадаагүй гарсан, харин чи сурч чадахгүй бол шууд гарна шүү” гэж анхааруулсан л даа. Гэхдээ би сурч чадсанаар барахгүй сургууль төгсөх Монгол хэлний улсын шалгалтад ганцаараа “онц” дүн авч байлаа.

-МУИС-д элсэхэд чамд хэцүү байсан уу?
Хэцүү байгаагүй. Би ном маш их уншдаг байсан. Бараг л “номын цагаан солио тусчих вий” гэж аав ээжийнхээ санааг зовоох хүртлээ л уншдаг байсан. МУИС-д бүртгүүлэхдээ хэлгүй, сонсголгүй гэдгээ мэдэгдэхгүй байхыг хичээж байсан. Гэхдээ тэд мэдээд “чи ярьж, сонсож чадахгүй байж яаж сурах юм бэ” гэж гайхаж дургүйцэж байсан ч би бүртгүүлж чадсан. Монгол хэл, Монгол бичгийн шалгалтаа маш сайн өгсөн. Харин гадаад хэлний шалгалтаа англиар бэлтгэж байсан ч сонсохгүйгээсээ болоод орос хэлний шалгалт өгөх ангид ороод унаж орхисон. Гэсэн хэдий ч миний үндсэн оноо өндөр байсан болохоор МУИС-д тэнцэж, хэл шинжлэлээр суралцсан л даа. Түвд хэл судалдаг байлаа.

-Хамт суралцдаг оюутнуудын зүгээс сөрөг хандлага, шоолох ч юм уу, эсвэл эвгүй байдалд оруулах тохиолдол байсан уу?
Үгүй ээ. Надтай хамт суралцаж байсан оюутнууд надад маш сайнаар ханддаг байсан. Тэд надаар их бахархана. Тэр үед МУИС-ийг “онц” дүнтэй төгссөн хоёр оюутны нэг нь би юм шүү дээ.

-МУИС-ээ төгсөөд ажилласан уу?
МУИС-ийг төгсөхөд надад Төв Номын санд нэг төсөл дээр ажиллах санал ирсэн. Гэхдээ миний зорилго номын сан биш. Тийм болохоор эхлээд 29 дүгээр сургуульд багшаар ажиллах сонирхолтой байгаагаа хэлсэн. Тэд зөвшөөрөөгүй. Ингээд би Номын санд ACIP (Asian Classic Input Priject) төсөл дээр Gallaudet-д ирэх хүртлээ ажилласан. Энэ завсраа МУБИС-д боловсрол судлалаар магистрт суралцсан. Тэгж суралцах надад хэрэгтэй байлаа. Хоёр жил суралцаад бас л “онц” дүнтэй төгссөн.

“GALLAUDET UNIVERSITY”-ИЙН ОЮУТАН БОЛСОН ТҮҮХ
- Gallaudet University-д яаж элссэн бэ?
Анх сониноос энэ сургуулийн тухай уншиж мэдсэн. Дэлхийд цорын ганц байдаг хэлгүй, сонсголгүй иргэдэд зориулсан их сургууль гэдгийг судалж мэдээд суралцахыг хүсч хөөцөлдсөн. Хандаж хүсэлт тавиагүй хүн, байгууллага бараг байхгүй дээ. Нийгмийн халамжийн газар, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн, БСШУЯ гээд бүгдэд л хандсан. Харамсалтай нь тэд энэ талаар ямар ч мэдээлэлгүй, бас ямар ч дэмжлэг үзүүлээгүй.

- Тэгээд яаж харилцаа тогтоов?
Сургуультай холбоо тогтоогоод тэтгэлэгт хамрагдах материалаа бүрдүүлж эхэлсэн. Хэрэв тэтгэлэгт хамрагдахгүй бол энэ сургуулийн төлбөр болон зардлыг би төлж дийлэхгүй. Зөвхөн нэг семистрт л 12 мянган ам.доллар төлнө гээд бод доо. Өөрийнхөө тухай, хүсэл зорилгынхоо тухай маш сайнаар ойлгуулах учиртай.

“WORLD DEAF LEADERSHIP” НЭРТЭЙ ЭНЭ ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДСАН
Зорилгодоо хүрсэн Б.Намираа

- Хүний ямар нэгэн эрхтэн гэмтэхэд өөр нэг эрхтэн нь нөхөх маягаар илүү хөгждөг тохиолдол бий. Хэлгүй, сонсголгүй хүнд илүү хөгжил нь юу байж болох вэ?

Ургуулан бодох чадвар нь илүү хөгждөг. Сонсохгүй, ярихгүй байхдаа хүн илүү их сэтгэж, ургуулан бодох хэрэгтэй болдог гэсэн үг. Харин сэтгэлгээгээ илүү хөгжүүлэхийн тулд их унших хэрэгтэй. Уншихгүй байгаа хүн яаж хөгжих вэ.

- Сургуулиа төгсөөд цаашдын чинь зорилт?
Би сургуулиа төгсөөд Монголдоо очно. Эхлээд 29 дүгээр сургуульдаа очиж ажиллана. Гэхдээ тэд яаж хүлээж авахыг мэдэхгүй. Ямартай ч өөрийн сурч мэдсэн бүхнээ Монголын хэлгүй сонсголгүй хүүхдүүдийн хөгжил, сайн сайхны төлөө зориулах л болно. Хийж чадах бүхнээ хийнэ. Үүний төлөө л би өдий хүртэл ингэж зүтгэж байгаа. Мэдээж сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй, технологийг ч өөрчлөх хэрэгтэй болно. Ядаж АНУ-ын түвшинд ойртуулах оролдлого хийх хэрэгтэй. Авч хэрэгжүүлж болох маш олон санаанууд байгаа. - Хэрэв 29 дүгээр сургууль чамайг хүлээж авахгүй бол яах вэ?
Надад мэдлэг болон санаа байна. Одоо бол туршлага их хэрэгтэй байна. Туршлагатай болохын тулд эхлээд л ажиллах хэрэгтэй. Энд онол, санаа ярих нэг хэрэг. Яг ажил дээр очиход шал өөр. Хамгийн гол нь энэ холбоосыг зөв олж байж л хэрэгжүүлнэ шүү дээ. Болохгүй бол хувийн сургууль байгуулаад ч болов зүтгэнээ. Гэхдээ хөрөнгө мөнгө бас л хэрэгтэй болно. Өнгөрсөн зун надтай хамт Монголд очсон манай салбар сургуулийн захирал маань 29 дүгээр сургуультай танилцаад гарахдаа “Ямар уйтгартай газар вэ? Яг л эмнэлэг шиг” гэж хэлсэн. Тэгэхээр ийм сургуулиудыг эмнэлэг шиг биш, сургууль шиг болгох хэрэгтэй байна.

Намираа! Яг үнэндээ би чамаар маш их бахархаж байна. Чамд ямар их эрч хүч, итгэл найдвар, зориг тэмүүлэл байгааг мэдэрч байна. Хэзээ ч битгий шантраарай. Зорьсондоо заавал хүрээрэй. Чамайг дэмжих маш олон хүмүүс байгаа гэдэгт чи итгээрэй.

Танд ч бас их баярлалаа. Зорьсондоо заавал хүрнээ. Одоо жил хагасын дараа сургуулиа төгсөнө. Тэгээд л зорилго руугаа зүтгэнээ. Сэтгэл ханана гэж үгүй. Зорьсондоо хүрч байж л сэтгэл амарна.

Б.НАМИРАА МААНЬ ИЛТГЭЛ ТАВИНА
Батшүр бид хоёрт Намираа сургуулиа танилцуулж, бас тусгай зориулалтын утсаар орчуулагчаар дамжуулан ярилцаж үзүүлсэн юм. Бид гурвын “зугаалга” өндөрлөж тэрбээр биднийг хаалган дээр үдэж өглөө. Тэр жижигхэн биед ямар их тэмүүлэл, эр зориг, том зорилго, хичээл зүтгэл багтаж буйг мэдрэхдээ бахархаж, бас хайрламаар.

2011 оны долдугаар сард Африк тивд болох хоёр жил тутам нэг удаа болдог Дэлхийн Хэлгүй Сонсголгүй Иргэдийн Нийгэмлэгийн чуулга уулзалтад “Монголын хэлгүй, сонсголг үй иргэдийн боловсролын асуудал” сэдвээр Намираа маань илтгэл тавина. Тэртээ нэгэн цагт гайт өвчний улмаас хэлгүй, сонсголгүй болчихоод цөхөрч суусан бяцxан охин өдгөө АНУ-д мастерт суралцаж, дэлхийд илтгэл тавьж байна. Хувь заяа гэхээсээ хичээл зүтгэл чинь чамайг ийм өндөрт авчирчээ. Үүнийг гайхамшиг гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ. Зорилго тань биелэх болтугай.
Эх сурвалж: http://www.gogo.mn/; Г.Галбадрах http://www.niigmiintoli.mn/



2 comments:

Anonymous said...

Бэрхшээл чамд ялагдах гэж ирсэн шүү.

Anonymous said...

их сайхан үг байна амжилт хүсье Намираа эгчээ

Post a Comment