Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Monday, February 28, 2011

"Эцэг эхчүүдийн зөв хандлага, хичээл зүтгэлийн үр дүнд хүүхдийнх нь бие сайжирдаг" - Т.ТУЯАЖАРГАЛ

Сүүлийн үед тархины саа, тархины усжилттай хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна гэж ярих боллоо. Тэгвэл энэ өвчин юунаас үүдэлтэй, хэрхэн сэргийлж болохыг мөн нэгэнт ийм өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдийг жирийн хүүхдийн хэмжээнд хүртэл хөгжүүлэх боломжтой эсэх талаар “Ээлтэй-Ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргалтай уулзаж ярилцлаа. 

Тэрээр  “Хөгжлийн бэрхшээл” гэх хөшигний цаана нуугдах хүүхдүүдийг хөжүүлэхийн төлөө зорьж, зүтгэж байгаа нэгэн.

Юуны өмнө байгууллагынхаа талаар товчхон танилцуулахгүй юу?

Бид тархины усжилт, тархины саа оноштой хүүхдүүдийн төлөө ажиллаж байна. Байгуулагдаад нэг жил боллоо. Энэ хугацаанд нийслэлийн болон Дорноговь аймагт байгаа 0-16 насны дээрх оноштой хүүхдүүдийн судалгааг гаргасан. Судалгаа хийж байх явцад цэцэрлэгийн ангийн хүртээмж муу байгаа нь харагдаж байсан. Тиймээс  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төв”-ийг байгуулахаар шийдэж, БГД-ийн 87-р цэцэрлэгт нэг ангийг тохижуулан ажиллуулж байгаа.

Намар нээлтээ хийж байсан санагдаж байна?
Уг нь тавдугаар сард хүүхдүүдээ хүлээж авч эхэлсэн юм. Нээлтээ 8 дугаар сарын 31-нд хийсэн. Олон байгууллагууд туслаж дэмжсэн. Бүгдийг нь хэлмээр байна. Анх энэ ангийг байгуулах гээд сэтгэл шулуудахад, БГД-ийн ЗДТГазрынхан саналыг маань дэмжиж, 87-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Нэргүй хамтран ажиллахаар болсон нь маш их урам хайрласан. Мөн “Эрдэнэт Хивс” ХХК цэцэрлэгийн орчинд тохирсон хивс хандивлаж, “Номин их дэлгүүр”-ийн эрхлэгч анхны хөрөнгийг олоход тусалж байсан. Түүнчлэн “Ган Шанд”, “Ган Брос”, “Начин Заан”, “Монос”, “Монгол Бөхийн Өргөө”, “Мөнгөн цонх”, “Га Нам Сон”, Солонгосын “Lions rotary club 354-р дүүрэг”, “Тамир ротари клуб” гээд олон байгууллага, хүмүүс хүүхдүүдийн маань төлөө хамтран ажилласан. Мөн  биднийг дэмжиж, хийж байгаа ажлыг маань тухай бүрт бусдад дамжуулж байсан хэвлэл мэдээллийнхэн та бүхэндээ баярлалаа.

Төвийн ажил хэр урагштай байна даа?

Анги маань 12 хүүхэд хүлээн авах боломжтой. Тусгай хэрэгцээт хүүхдүүд учраас ортопедийн хэрэгсэл гээд жирийн ангийг бодвол ялгаатай зүйл их. Гэхдээ тархины саа, тархины усжилт оноштой хүүхдүүд оюуны ухааны хувьд эрүүл, зөвхөн булчингийн таталт, чангаралттай байдаг юм. Багш нар маань өдөр бүр биеийн засал хийж, хүүхэд бүхэнтэй тулж ажиллаж байгаа. Булчингийн чангарлыг  сулруулах хэцүү л дээ. Нэг дасгалыг хэдэн долоо хоног хийж байж үр дүн харагддаг. Ямартай ч, тодорхой дэвшилд хүрч байна. Олон хүмүүсийн итгэл, сэтгэл хүүхдүүдэд маань өөрчлөлт авчирна гэж бид найдаж байгаа.

Судалгаа хийсэн гэсэн. Ийм оноштой хичнээн хүүхэд бүртгэгдээд байгаа вэ?

Нийслэлийн хэмжээнд 1000 орчим хүүхэд байгаа. Гэхдээ зөвхөн хороо, дүүрэгтээ бүртгэлтэй хүүхдүүд. Цаана нь хөдөө орон нутгаас хүүхдээ эмчлүүлэхээр орж ирээд бүртүүлээгүй байгаа хэдэн хүүхэд байгаа нь тодорхойгүй.

Тархины саа, тархины усжилт юунаас үүсдэг юм бол? Хэрхэн сэргийлэх вэ?

Шалтгааныг нь тодорхойлох гэж олон улсын эрдэмтэд одоо болтол ажилласаар байгаа. Яг тодорхой бус. Гэхдээ тархинд очиж байгаа хүчилтөрөгчийн дутагдлаас болж эд эс үхжиж, усжилт үүсч байна гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Урагт тавих анхаарал их хэрэгтэй юм шиг санагддаг. Хэрэв урагт хүчилтөрөгч дутагдвал тархины хөгжилд муугаар нөлөөлдөг. Хүчилтөрөгчийн коктейлийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Бие давхар байгаа эх сэтгэлзүйн хувьд тайван байж, өөртөө хяналт тавих нь чухал. Гэхдээ энэ нь биеэ чагнаад суухын нэр биш шүү. Мөн жирэмсний хордлого нөлөөлдөг гэж сонссон. Түүнчлэн хүүхдийг нярай үед нь хэвийн өсч байгаа эсэхийг сайн хянаж байх хэрэгтэй.

Хэвийн өсч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Би эмч биш болохоор нарийн зүйлийг хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ чиглэлээр юм хийж байгаагийн хувьд харьцангуй мэдээлэлтэй болоод байгаа юм. Хүүхдийн хөгжлийг 12 сар хүртэл харуулсан хүснэгт бий. Тухайлбал, нэг сартай хүүхэд эргэж хөрвөөж, ганганаж чаддаг. Хэрвээ толгойгоо даахгүй бол хөгжлөөр хоцрогдож байна гэсэн үг гэх мэтчилэн нярай хүүхдийн чадваруудыг тодорхой дурдсан байдаг. Энэ нь аль ч өрхийн эмнэлэгт байгаа. Хүүхэд уг хүснэгтийн үзүүлэлтээс ямар нэг зүйлийг хийж чадахгүй байгаа бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Хүүхдүүд хөгжих боломжтой гэж та хэлсэн, тодорхой жишээ дурдах уу?

Тийм шүү. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн жирийн сургуулийн 9 дүгээр ангид онц сураад, ангийн дарга хийж байгаа, шүлэг зохиож, зураг зурж, компьютер засдаг, юм нэхэж оёдог гээд бахархууштай хүүхдүүд цөөнгүй байдаг. Тэднийг ингэж өсгөсөн аав, ээжүүдийг нь үнэхээр урамшуулмаар санагддаг юм. Эцэг, эхчүүдийн зөв хандлага, хичээл зүтгэлийн үр дүнд хүүхдийнх нь бие сайжирдаг гэдгийг амьдрал дээр харуулсан жишээ зөндөө байна. Манай байгууллага хүүхдийнхээ төлөө тэмүүлж байгаа эцэг, эхчүүдийг дэмжих чиглэлтэй ажиллаж ирсэн.

Хүүхдээ жирийн хүүхдийн түвшинд хүргэхэд эцэг эхчүүдийн хамгийн гол анхаарах зүйл юу вэ?

Биеийн засал, хөдөлгөөн сайн хийлгэх хэрэгтэй. Сувилагчид өдөрт гурваас доошгүй удаа хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж зөвлөдөг. Үүнийг л дагах хэрэгтэй. Аав, ээж нь хүүхдээ хэр асарч байгаа нь хүүхдийн биеийн байдлаас тодорхой харагддаг. Зарим хүүхэд хагалгаанд орох шаардагатай байдаг л даа. Тэгж байж булчин суларч, хөлд орох боломжтой болдог. Хүүхдийнхээ төлөө явж байгаа өрх толгойлсон эхчүүд олон байна. Тэд маань өөрсдийн боломжоороо хүүхдээ асарч байгаа ч хагалгаанд орох зардал зэргээс болоод хөгжиж буй хүүхдийн ирээдүй тодорхой бус болж байна.

Танай байгууллага тэр хүмүүст тусламж, дэмжлэг үзүүлдэг үү?

Бидэнд хүсэлт, өргөдөл их ирдэг. Ихэнх нь эмчилгээний зардалгүй болохоор хаана, хэнд хандахаа мэдэхгүй байдаг. Мөн хүүхдээ хараад олон жил гэртээ суусан болохоор хийх ажил олдохгүй байна гээд л өөрсдийн асуудлаа шийдвэрлэх арга зам байна уу гэж ханддаг. Манай байгууллагын хувьд одоохондоо зардал мөнгөний тал дээр дэмжих боломжгүй л байна. Гэхдээ “100 төгрөг”, “Зуны эмчилгээнд зориулсан хандивын аян” зэрэг нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулсны үр дүнд гурав орчим сая төгрөг цуглуулж, дөрвөн хүүхдийг “Шаргалжуут”-ын рашаан сувилалд явуулж, хоёр хүүхдийн эмчилгээний зардал, хоёр хүүхдийн компьютер оношлогооны зардлыг шийдвэрлэж чадсан. 

Нэг хүүхдийн хагалгаа ямар өртөгтэй байдаг вэ?

Тархинд хурсан усанд гуурс тавих,  булчин суллахын тулд шөрмөс сунгах зэрэг хагалгааг хамгийн багадаа сая орчим төгрөгөөр хийж байгаа. Гэхдээ хаана хийлгэхээс шалтгаалж үнийн хувьд өөр. Манайд бүртгэлтэй 1000 орчим хүүхдээс хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэсэн таван хүүхдийг сонгон авч, хандивын аян зарлаад байгаа. “Скай” их дэлгүүр, “The Bull” ресторан зэрэг газрууд энэ ажлыг дэмжин хайрцаг байршуулаад байна.

Уучлаарай, нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та сэтгүүлч мэргэжилтэй хүн, яагаад энэ салбарт ажиллах болов?
2007 онд хүү маань тархины усжилт оноштой болсон. Эрүүл гүйж явсан хүү минь гэнэт л явахгүй, ярихгүй болчихоор хэцүү байсан л даа. Эхний нэг жил яахаа ч мэдэхгүй өнгөрлөө. Одоо миний хүү гүйж, тоглож, хүнтэй харилцаж, үг хэлдэг болоод байгаа. Дараа жил сургуульд орно. Нэгэнт энэ зовлонг биеэр туулсан болохоор ийм оноштой бусад хүүхдүүдэд, тэдний ээж аавуудад нь туслахаар шийдэж, бидний хэдэн эхчүүд нийлж энэ байгууллагыг үүсгэсэн юм.

“Ээлтэй ертөнц” ТББ-ын цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

Хөгжлийн бэрхшээл гэхээр хүмүүст оюуны болон харааны, сонсголын бэрхшээл гэсэн ойлголт байдаг. Тархины саа, тархины усжилтын тухай ойлголт маш дутмаг байгаа нь анзаарагддаг. Бид энэ сард “Хүмүүнлэг Монголыг хамтдаа бүтээцгээе” гэсэн уриан дор зохион бичлэгийн уралдааныг нийслэлийн зургаан дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд зарлаад, Баянгол дүүргийн сурагчдын ирүүлсэн бичлэгээс шалгаруулаад байна. Энэ нь хүүхдүүдийн дунд үнэн зөв мэдээлэл, эерэг ойлголтыг өгөхөд чиглэгдэж байгаа юм. Цаашдаа хэрхэх ухаанаа олохгүй хүүхдээ харан суугаа эцэг, эхийн хандлагаас эхлээд нийгмийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөж байна даа.
Богино хугацаанд хийсэн ажил, хэлэх үгтэй байгаа та бүхэнд амжилт хүсье. Хүний төлөө цохилох зүрх бүхэн ариун байж, Хүүхдийн төлөө тэмүүлэх зам мөр тэгш байг гэсэн мөртөөр ярилцлагаа өндөрлөе.

Эх сурвалж: “Алтангадас” сэтгүүл Э.Ила

http://www.setguul.altangadas.mn

0 comments:

Post a Comment