Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Monday, February 28, 2011

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийгээ хүлээн зөвшөөрүүлэх, магтаал сайшаал хүртэх эрхтэй.



Монголын ХБИ ТББ-ууд хамтран Америк орноор 2
долоо хоног танилцах аялал хийсэн нь

Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ өдөр олон улсын хамтын нийгэмлэг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн хамтран ажиллаж буй тухайгаа бодож эрэгцүүлэх  боломж олдож байна.

 АНУ-ын ЭСЯ-наас олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаагаас дурьдвал:





  • АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрт оролцсон монгол төгсөгчдийн холбоо  өнгөрсөн жил  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан англи хэлний зуны сургалтыг хүүхэд ба насанд хүрэгчдийн гэсэн ангиллаар Найрамдал зуслан болон Монгол Улсын Их Сургуулийн оюутны байранд зохион байгуулсан билээ. Тус бүр нь 3 долоо хоног үргэлжилсэн эдгээр сургалтанд 34 хүн хамрагджээ.  Мөн энэ холбоо  зарим оролцогчдыг физик эмчилгээнд хамруулах  зэргээр хэд хэдэн төслийг хэрэгжүүлсэн юм.

  • Өнгөрсөн 8-р сард Вашингтон хотноо байрлах Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны (АХБИХ) Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Эндрю Импаратог АНУ-ын ЭСЯ Монголд урьж авчирсан юм. Монголын төр засгийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй хийсэн түүний уулзалтууд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон нийтэд мэдлэг олгох , тэдний эрх ашгийг хамгаалах, мөн АНУ даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хуульчилсан эрх зүйн нэн чухал акт болох  Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхэд АХБИХ-ны гүйцэтгэж буй үүргийг танилцуулахад  чиглэсэн байна.

  • Энэ оны 11-р сард  ЭСЯ  “Салхич шувуу” нэртэй Монголын ТББ-тай хамтран Америк орноор 2 долоо хоног аялах танилцах аяллыг санхүүжүүлсэн ба үүнд 10 хүн оролцсоны 7 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байжээ. Тэдний аяллын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  асуудал хариуцсан Цагаан ордны зөвлөх Карим Дэйл, мөн Төрийн департаментад энэ асуудлыг хариуцсан зөвлөх Жудит Хойманн нартай хийсэн уулзалтууд багтсан байна. Мөн тэд Вашингтон, Сиатл, Балтимор болон өөр хотуудаар аялж, Америкчууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлуудыг хэрхэн шийдэж байгаатай өөрийн биеэр танилцжээ. Тэд энэ аяллын үеэр сурсан зарим зүйлээ Монголдоо хэрэгжүүлэхээр өөрсдийнх нь хэлснээр маш их “урам зоригтой” бас “итгэлтэй”  эргэж ирсэн билээ.

  • Өнгөрсөн 2 жилд АНУ-ын  Олон улсын хөгжлийн агентлаг нь “Мерси кор” байгууллагаар  дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлуудад бүхэлдээ чиглэсэн 200 мянган ам. долларын “Фийлд” төслийг хэрэгжүүлжээ. Энэхүү санаачлага нь Монгол Улсын нэгдэн орсон  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай 2007 оны НҮБ-ын конвенцийн зорилтуудыг хангах чиглэлээр  ахиц гаргах зорилготой юм. Одоогоор Монголын олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар танин мэдүүлэх,  мөн орон нутгийн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулаад байгаа  “Фийлд” төсөл нь Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Дундговь аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  асуудлуудаар ажиллаж буй Монголын ТББ-уудыг санхүүжүүлж байна.

  • Грэммийн шагналт Лос Анжелесын Озоматли хамтлагийн 7-р сард хийсэн олны таалалд нийцсэн тоглолт,  Нью Йорк хотын Ари Роланд жааз дөрвөлийн өнгөрсөн өвөл болон энэ намар  хийсэн тоглолтууд гэх мэт өнгөрсөн жил АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулсан соёл, урлагийн бүхий л арга хэмжээнд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулсан билээ.
    Харин миний хувьд, гайхалтай намтар түүх бүхий  хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн хүнтэй биечлэн танилцах завшаан тохиолдсон юм.

  • Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн тоймч, “Салхич шувуy” төрийн бус байгууллагыг үндэслэн байгуулагч бөгөөд тэргүүн, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлуудыг хөндсөн анхны хөтөлбөр болох“Боловсрол” телевизийн  “Бидний нэг” нэвтрүүлгийн редактор Долгорсүрэнгийн Бадамханд.

  • Сайн чанарын савхи, ноолуур, эсгий эдлэл үйлдвэрлэж, хувиараа бизнес эрхэлдэг Бат-Эрдэнийн Дулмаа, Чулуунчимэгийн Чулуунбаатар, Баянаагийн Батаахүү нар.

  • 5000 гаруй Монгол хүнийг эмчилгээний арга зүй болон амьдрах арга барилд сургасан “Тахилт” сэргээн засах эмчилгээний төвийг үндэслэн байгуулагч, физик эмчилгээний эмч Энхтуяагийн Цэрэндаш.

  • Өөрөө эрүүл хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг болсон Цэрэн-Очир  хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэдтэй гэр бүлүүдэд туслахаар “Нарны хүүхдүүд”  ТББ-ыг Багануурт байгуулжээ. Тэдэнтэйгээ байнга уулзаж байхын тулд байртай болохоор одоо махруу ажиллаж байна.

  • Монголын тэргэнцэр хэрэглэгчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн, залуу удирдагч Ундрахбаярын Чулуундаваа нь Японд 1 жил суралцаад ирсэн бөгөөд  тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах маш олон боломж байдаг гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таниулж байна.

  • Залуу удирдагч  Ваанчигийн Ойдов нь хэдэн жилийн өмнө Лос Анжелес хотын хүүхдийн эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлсэн бөгөөд “Мерси кор”-ын “Фийлд” төсөл дээр ажиллаж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй Монгол иргэдийг боловсрол, сургалт болон бусад олон салбарт боломжуудыг эрэлхийлэхэд зоригжуулж байлаа.

  • Улаанбаатар хотын нийтийн номын санд ажилладаг Чой. Алтанцэцэг, Жамсранжавын Бэгзсүрэн нар Монголын хараагүй иргэдийн нийгэмлэгтэй хамтран ном хэвлэл, хамгийн орчин үеийн мэдээлэл технологийг хараагүй Монгол иргэдэд хүргэх ажлыг манлайлан хийж байна. Тэдний бичсэн төсөл Гэйтс сангаас зохион байгуулдаг Нийтийн номын санг шинэчлэх хөтөлбөрт дэлхий дахинаас ирүүлсэн нийт 324 өргөдлөөс шалгарч, Монголын хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдийн сургалт, хөгжилд зориулан ярьдаг номын төвийг байгуулах болсон байна.   

  • Хараа нь багаасаа муудсан Эрдэнэболдын Уянга Фүлбрайтын тэтгэлгээр АНУ-д суралцан, Гладис нэртэй Монголын хамгийн анхны хөтөч нохойтой буцаж ирсэн билээ. Одоо тэрээр Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд Төгсөгчдөд зориулсан хөтөлбөрийг хариуцан ажиллаж байна.

    Хөгжлийн бэрхшээлтэй эдгээр болон бусад монгол иргэд 12-р сарын 3-ны өдөр бидний зүгээс онцгой анхаарал хүртэх эрхтэй, харин тэдний  ажил үйлс жилийн турш тасралтгүй үргэлжилсээр байдаг.  Элчин сайдын хувиар болон урьд нь тусламжийн байгууллагад ажиллаж байсны хувьд эдгээр хүмүүсийн байнгын хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлийг харахад урамтай байдаг. АНУ-ын ЭСЯ-ыг төлөөлөн  хэлэхэд, Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлагийн амьдралын бүхий л салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах явдлыг дэмжихэд  бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа нэн баяртай байна.
     

0 comments:

Post a Comment