ГАВЬЯАТ ТАМИРЧИН А.ЭНХЭЭГИЙН ЭХНЭР Л.БОЛОРМАА: ЖАРГАЛ, ЗОВЛОН ДУНД БОСГОСОН АМЬДРАЛДАА БИ ХАЙРТАЙ
Х.МОНГОЛХАТАН Авирмэдийн Энхээ. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, “Найрамдал-84” олон улсын тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн аварга, 1988 оны Сөүлийн олимпийн VI байрын шагналт, гавьяат тамирчин. Түүнийг мэдэхгүй хүн спорт сонирхогч дунд үгүй. Ид амжилт бүтээл дүүрэн, гялалзаж явахдаа харамсалтайгаар бэртсэн түүнийг хайрлан халамжилж, түшин тулж ирсэн гэргий Л.Болормааг ухаантай, сэтгэлийн тэнхээтэй сайн
эхнэр гэж хүн бүхэн хүндэлдэг.
26-хан насандаа хань ижил, үр хүүхэд, ар гэрээ авч явах хүндхэн ачааг нуруундаа үүрсэн тэрээр Монголын анхны, ганц байгаа, эмэгтэй олон улсын хэмжээний шүүгч. Гэрт нь ороход л спортын уур амьсгал мэдрэгдэх энэ айлын эзэгтэй өөрсдийнхөө болон чөлөөтийнхний тухай гарсан сонин, сэтгүүлийн хайчилбар, бөхийн барилдааны бичлэгтэй хуурцаг, шүүгчээр ажилласан тэмцээн уралдааныхаа мандат, урилгаа цуглуулна. Л.Болормаа эгч бас очсон улс болгоноосоо тухайн улсынхаа онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлс авчрах хообийтой гэсэн. Хайр халамж, халуун дулаан уур амьсгал дүүрэн энэ гэр бүлийн эзэгтэйг “Гэргий” буланд урьж ажил амьдрал, чөлөөт бөхийн тухай яриа өрнүүллээ.
эхнэр гэж хүн бүхэн хүндэлдэг.
26-хан насандаа хань ижил, үр хүүхэд, ар гэрээ авч явах хүндхэн ачааг нуруундаа үүрсэн тэрээр Монголын анхны, ганц байгаа, эмэгтэй олон улсын хэмжээний шүүгч. Гэрт нь ороход л спортын уур амьсгал мэдрэгдэх энэ айлын эзэгтэй өөрсдийнхөө болон чөлөөтийнхний тухай гарсан сонин, сэтгүүлийн хайчилбар, бөхийн барилдааны бичлэгтэй хуурцаг, шүүгчээр ажилласан тэмцээн уралдааныхаа мандат, урилгаа цуглуулна. Л.Болормаа эгч бас очсон улс болгоноосоо тухайн улсынхаа онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлс авчрах хообийтой гэсэн. Хайр халамж, халуун дулаан уур амьсгал дүүрэн энэ гэр бүлийн эзэгтэйг “Гэргий” буланд урьж ажил амьдрал, чөлөөт бөхийн тухай яриа өрнүүллээ.
БИД ХОЁР ЧӨЛӨӨТИЙН ШИНЭ ҮЕ ТӨРҮҮЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА
-Багшлахын зэрэгцээ та нөхөртэйгөө хамт ирээдүйн чөлөөт бөхийн аваргуудыг бэлдэж байгаа юм аа даа?
-Би Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуульд арав гаруй жил багшилж байна. Сургуулийн дэргэдэх гүнзгийрүүлсэн сургалттай чөлөөт бөхийн секц хичээллүүлж, ханьдаа тусалж, туслах дасгалжуулагч хийж байна. Сүүлийн үед эмэгтэй бөхчүүд өндөр амжилт гаргаж байгаа учир энэ жилээс өөрийн гэсэн тодотголтой хэдэн охид хичээллүүлж эхэлсэн. Мэдээж барилдааны гол техник тактикийг хань маань гардаж заадаг. Мөн бага насны хүүхдүүдийн гимнастикийн секц хичээллүүлж байгаа. Бид 2009 оны Нийслэлийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга баг болсон амжилттай.
-Чөлөөт бөхийн шавь нараас чинь амжилт үзүүлж эхэлсэн үү?
-Их спорт гэдэг маш их хөдөлмөрлөж, олон жил зарцуулж, их хөлс хүчээр амжилтад хүрдэг. Өсвөрийн спортын мастер, дэд мастер хүүхдүүд төрсөн. Өсвөр залуучуудын Азийн аваргын мөнгөн медальт Бэхбаяр, Монгол туургатны их наадмын аварга Нямбаяр гээд дурдвал олон хүүхэд амжилттай барилдаж байна. Энэ жил бид хоёр 9-13 насны хүүхдүүдээр шинэ баг бүрдүүлж, нэг шинэ үе төрүүлэхээр бэлдэж эхэллээ.
-Та өөрөө барилддаг байсан уу. Яаж яваад их спорттой холбогдсон хэрэг вэ?
-Би арван жилд байхдаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан. Гавьяат Намжилмаа багшийн унаган шавь. Хичээллэж байхдаа хөлний гэмтэл аваад гүйж харайж чадахгүй болоод орхисон. 19 настайгаасаа их спортын тамирчны эхнэр болсон цагаас эхлэн миний амьдрал чөлөөт бөхтэй салшгүй холбогдсон. Ханийгаа ид амжилт гаргаж, дэлхийн том бөх болоход нь би чөлөөт бөхийг сонирхож, шимтэн үзэж, ойлгож мэдэрдэг байсан маань шүүгч болоход нөлөөлсөн болов уу.
Миний хань ид сайхан барилдаж байхдаа харамсалтайгаар бэртэж, хүнд гэмтэл авсан. Ханийгаа халамжилж суухдаа ажлыг нь цаашид үргэлжлүүлэхийн тулд шүүгч болохоор шийдсэн. Тэгээд тэмцээн уралдаан шүүж, шат шатанд нь шалгалт өгч явсаар олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч болсон.
ЭМЭГТЭЙ ШҮҮГЧ ТӨРҮҮЛЭХ ХҮСЭЛ НАДАД МАШ ИХ БАЙДАГ
-Та монголын анхны цорын ганц эмэгтэй шүүгч. Шүүгчээр ажиллаж эхлэхэд чинь хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх шүүгч болох хүсэлтийг маань хүн болгон дэмжиж, урам хайрлаагүй бол би чадахгүй байсан байх. Одоогоор Монголын чөлөөт бөхийн холбооны дэвжээн дээр шүүдэг, олон улсын ганц эмэгтэй шүүгч гэж явдаг. Шүүгч болсноор Монголын чөлөөт бөхийн спортод өөрийнхөө хувь нэмрийг оруулж яваа гэж боддог. Миний багш бол миний хань. Мэдээж бөхийн мэргэжилтнүүд, ахмад шүүгчид надад маш их тусалж, дэмжиж, зааж зөвлөж, урам хайрлаж явсны хүчинд би өдий зэрэгтэй шүүгч болсон.
Тамирчны эцсийн зорилго олимп, дэлхийн аварга болох шүү дээ. Харин шүүгч хүний эцсийн зорилго нь тэр том тэмцээнийг шүүх байдаг. Би энэ хугацаанд олимп, дэлхийн аваргаас бусад тэмцээнийг шүүсэн байдаг.
-Бөхийг зөв шударга шүүнэ гэдэг хариуцлага өндөртэй ажил. Алдах эрхгүй хүмүүс гэвэл та нарыг хэлэх байх?
-Тэмцээн дээр алдаа гаргаад зэмлэл хүртэх тохиолдол байсан. Миний нэг зарчим бол алдаагаа дахин давтахгүй байх. Гэхдээ бид компьютер биш учраас санаандгүй алдах тохиолдол байна. Гаргасан алдаагаа заавал засдаг. Би анх шүүгч болсон цагаасаа ямар ч тэмцээн шүүсэн орой нь ямар үүрэг гүйцэтгэсэн, ямар алдаа, оноо байсан гэдгээ бичиж тогтмол тэмдэглэл хөтөлж ирсэн. Тиймээс алдаагаа бага давтсан гэж боддог. Шүүгч хүн хамгийн гол нь тэмцээнийг шударга шүүх ёстой. Тамирчны амжилт шүүгчээс шалтгаална. Хариуцлага алдвал багш, дасгалжуулагч, тамирчны олон жилийн хөдөлмөр, хөлс хүчийг хоромхон зуур баллаж хаях тал бий.
-Дасгалжуулагч, тамирчин, шүүгч гурав салшгүй холбоотой байдаг. Та шүүж зогсохдоо тухайн хоёр тамирчны ямар мэх хийх гэж байгааг нь мэдэрч чаддаг уу?
-Шүүгч хүн мэдэрч байж шүүгч болно. Дэвжээн дээр гараад шүүхээрээ хоёр бөхийг ямар мэх, тактик хийх гэж байгааг мэдэрч тухай бүрт нь оноогоо өгдөг.
Манай монголын бөхчүүдэд ч харамсмаар барилдаан олон байдаг. Миний хань 1985 онд Будапештийн дэлхийн аваргын төлөө барилдаж байгаад сүүлийн цөөхөн секундэд дэлхийн аваргаа алдсан байдаг. Одоо бичлэгийг нь үзэж суухад миний хань дэлхийн аварга болчихсон юм билээ. Манай Пүрэвбаатар гавьяат бол ерөөсөө дэлхийн аварга шүү дээ. Бас л харамсалтайгаар мөнгөн медаль авч байсан.
-Танаас хойш эмэгтэй шүүгч төрөөгүй хэрэг үү. Танд шавиа бэлдэх бодол байдаг биз дээ?
-Шавь төрүүлье гэсэн бодол надад их байдаг. 2-3 хүүхэдтэй ажиллаж үзсэн ч шантарсан. “Шонхор” биеийн тамирын дээд сургууль хүүхдүүдийг шүүгч болгохоор бэлдэж, ажиллаж байгаад баярладаг. Зарим нэг дүүргийн аварга, нэрэмжит тэмцээнд мэр сэр охид шүүж харагдахаар нь олзуурхдаг. Шүүгч олон байх тусам бөхийн хөгжилд хэрэгтэй.
ТАМИРЧНЫ АМЖИЛТАД АР ГЭР НӨЛӨӨЛДӨГ
-Энхээ ахтай анх яаж танилцаж байв?
-Бид хоёрыг их спорт танилцуулсан. Манай нөхөр Ховдынх. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Аав, ээж маань Завхан аймгийн Сантмаргад сумын хүмүүс учир би энэ нутаг усаар дуудуулах дуртай. Манай хамар хашаанд Энхээгийн эгч Ховдоос бэр болж ирсэн юм. Тэгээд л бид танилцсан.
Айлд өрхийн тэргүүний нэрээр ороод эзэгтэйн нэрээр гардаг гэсэн үг байдаг. Тамирчин хүн бэлтгэл сургуулилт гээд гэрт бага байдаг учраас эхнэрт бүх ачаалал ирдэг. Тэр утгаар гэр орон, үр хүүхдээ авч явахаас гадна ханийгаа амжилт гаргахад нөлөөлөх бүхий л бололцоогоор хангаж, чөлөөтэй байлгах үүрэг хүлээдэг. Би энэ өндөр үүрэг хариуцлагыг 19 настайгаасаа үүрч явна даа.
-Ханийгаа тэмцээн уралдаанд явахад сэтгэл догдлоод захыг нь мушгиад үлдэнэ биз ?
-Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцоход одоогийнхтой адил интернэт гэж байсангүй, сурвалжлагч яваад шууд дамжуулдаггүй байлаа. Орбитоос мэдээлэл авбал авна, үгүй бол ирэхэд нь амжилтыг нь мэддэг байсан. Ханийнхаа араас залбирч, цайны дээжээ өргөнө. Тэмцээн эхлэхийн урд өдөр нь Энхээгийнхээ цэвэр, бохир бүх хувцсыг хамж угаагаад, индүүдээд, эвхээд тавина. Сэтгэлээрээ л дэмжиж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд ч тэр үү хань минь явсан тэмцээн бүрээсээ ганзага хоосонгүй ирдэг байсан. Хэрэв тэмцээний амжилт гундуухан бол би өөрөөсөө л өө хайна.
Тамирчны ар гэр амжилт гаргахад нөлөөлдөг гэдэг үнэнч. Ид амжилт үзүүлж, сайхан барилдаж байхад нь бид хүүхэдгүй байсан. Миний охин аавыгаа бэртэхээс өмнө, олимп явдаг жил нь төрсөн.
-20 гаруйхан насны ид гялалзаж яваа нэр алдартай тамирчны эхнэр байхад хэцүү зүйл юу байв?
-Би нэр алдартай тамирчны эхнэр гэдгээрээ маш их бахархдаг байсан. Спортынхон эхнэрт нь хүндэтгэл үзүүлээд ирдэг юм билээ. Би л хайрыг нь дааж чадах юм бол чөлөөт бөхийн хамт олон маань надад маш их хайр энэрэл, сэтгэл санаа, эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Харин энэ далимд маш их баярлаж явдгаа хэлье. Мөн надад ажлаа хийнгээ шүүгч хийх боломж бололцоо олгодог. “Ирээдүй” цогцолбор сургуулийн удирдлагууд, багш нар, хамт олондоо маш их баярлаж явдаг.
НАЯ ГАРСАН ЭЭЖТЭЙ, ОЙ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭДТЭЙ, ТЭРГЭН ДЭЭР СУУСАН НӨХӨРТЭЙ НАДАД ХҮНД ҮЕ БАЙСАН
-Сайн бөхийг өрсөлдөгч хурцалдаг гэдэг. Таны бодлоор Энхээ ахын гол өрсөлдөгч хэн байсан бэ?
-Миний ханийн өрсөлдөгч бөх нь Оюунболд ах байсан. Харамсалтай нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Маш гайхамшигтай, миний шүтэн биширдэг бөх. Бөхийн хувьд эрэмгий, дайчин, хурц барилдаантай, хийхгүй мэх, техник байхгүй. Ийм мундаг бөх өрсөлдөгч нь байсан учраас миний нөхөр сайн бөх болсон гэж боддог юм. Тэр үед олимпийн хүрэл медальтай Оюунболд ах Монголын 62 кг-ийн босоо бөх байсан. 1982 онд интернациональ олон улсын тэмцээн дээр Энхээ маань аваргын төлөө Оюунболд ахтай барилдаад анх удаа ялсан. Мэдээж ханийгаа ялах бүрт баярладаг ч энэ том бөхийг ялж аварга болсонд нь би хязгааргүй их баярлаж байсан.
-Энхээ ах ид барилдаж байсан үедээ бэртсэн. Тухайн үед хэр сайн эмчилгээ хийлгэсэн бэ?
-Би өнгөрснийг ярих дургүй. Ялангуяа сэтгэл эмзэглүүлдэг энэ асуудлыг бага ярихсан гэж боддог. Миний хань барилдаж байгаад бэртсэн бол нэг өөр. Биеийн тамирын дээд сургуульд гимнастикийн шалгалт авч байгаад турникнээс унаад гэмтэл авсанд нь жаахан гомдолтой байдаг. Спортын байгууллага, сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар бид хоёр Бээжинд зургаан сар, Кубад долоон сар эмчилгээнд яваад ирсэн.
-Нөхөр тань бэртэж, үр хүүхэд, амьдралаа авч явах ачааг 26-хан насандаа үүрнэ гэдэг танд хэцүү байсан биз. Тэр он жилүүдийг яаж давсан бэ?
-Бэртээд хэвтсэн үеийн хүнд бэрхийг ярих юм биш. Ная гарсан ээжтэй, ой хүрээгүй хүүхэдтэй, тэргэн дээр суусан нөхөртэй надад амьдралаа авч явахад маш хүнд байсан. Гэхдээ энэ бүхнийг даван гарахад ганц миний хүч бус миний ханийн асар их сэтгэлийн тэнхээ урам хайрласан. Од болон гялалзаж явсан тамирчин хүн амьдралгүй шахуу болтлоо бэртчихээд урам зоригтой, ирээдүйдээ тэмүүлж байгаа нь намайг өөд татаж явсан. Бидэнд ах дүүс, найз нөхөд, хамт олон, спортынхон гээд бүх хүмүүс сэтгэл болон эд материалын тусламж үзүүлдэг байсан.
-Энхээ ах бэртсэнийхээ дараа таныг амьдралаа бод, өөр хүнтэй суу гэсэн үг хэлж байсан уу?
-Манай Энхээ тийм үг хэлж байгаагүй, надад ч тийм бодол төрж байсангүй. Энэ олон жил тэргэнцэртэй хүн асраад явж байхад надад зовлон их байсан нь тодорхой. Гэхдээ хамтдаа болгоод зохицуулж ирсэн. Хүнд хэцүү үеийг давсан болохоор одоо илүү сайхан амьдралыг хүсч байна. Би өөдрөг үзэлтэй хүн. Аливаад шантрах дургүй. Ганцхан жингээ хасахдаа л шантраад байгаа юм даа./инээв.сур/
ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР НЬ ХАНЬ ИЖЛЭЭ ДЭЭДЛЭН ХҮНДЛЭХ ЮМ
-Энхээ ахын ихэр нь бас барилддаг байсан биз дээ?
-Миний ханийн ихэр Тайван маань олон улсын хэмжээний мастер, Дэлхийн цомын мөнгөн медальтай, 62 кг-д Монголын сайн бөхчүүдийн тоонд ордог бөх байсан. Тайван маань Энхээг алдартай бөх болоход хамгийн дайчин туслагч нь байлаа. Энэ хоёр нэг жинд барилддаг байсан. Талийгаач гурван бандитай. Бага банди нь манай Энхээ дээр бэлтгэл хийдэг, бид хоёрын шавь. Өнгөрсөн Улсын аваргаас хүрэл медаль авахад нь “Аав нь байсан бол хэчнээн баярлах байсан бол” гээд л бид хоёр баярлаад, уйлж суулаа.
-Манайх нэг хэсэг ид барилдаж, амжилт үзүүлж байгаа бөхчүүддээ гавьяа шагналыг нь өгдөггүй байсан юм шиг. Энхээ ахад ч нэлээд хожуу, бэртсэнийх нь дараа гэрт нь аваачиж өгсөн байхаа?
-1981 онд Азийн Залуучуудын аварга болсон, 1984 онд Найрамдал 84 тэмцээний мөнгөн медаль авсан, 1985 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан, 1986 онд дэлхийн цомын аварга болсон байсан үед Монгол Улсын гавьяат тамирчин цолд тодорхойлсон ч өгөөгүй юм. Тэгээд л 1987 онд дэлхийн аваргаас медальгүй, 1988 онд Сөүлийн олимпоос шагналт 6-р байранд орж, 1989 онд дэлхийн аваргаас медальгүй ирээд тэр жилдээ бэртсэн. 1990 онд анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай гэрт ирж гардуулсан юм. Залуу, гомдонгүй байх үедээ хэрэв ид амжилттай байх үед гавьяа шагналыг нь өгсөн бол бэртэхгүй ч байсан юм билүү гэж боддог байлаа. Одоо бол ийм юм бодохоо байсан.
-Та энэ олон жил ханиа, гэр бүлээ ийм сайхан авч яваа нь та олон эхнэрт үлгэр дууриалал болдог. Танд яг одоо юу бодогдож байна?
-Намайг хүмүүс ханиа өдий зэрэгтэй авч яваа сайн хань гэж ярьдаг ч үнэндээ миний хань өөрөө ухаалаг, сэтгэлийн тэнхээтэй, тэвчээртэй, халамжтай хүн. Хамгийн гол нь эрүүл байхдаа намайг нэг ч гомдоож байгаагүй, дээд зэргээр хүндэлдэг байсан нь өөрт нь эргээд ирж байгаа болов уу гэж боддог юм. Эмэгтэй хүний хамгийн эрхэм чанар бол хань ижлээ дээдлэн хүндлэх юм. Өөрөө ч хүний хайрыг л дааж явахсан гэж боддог.
Эх сурвалж: http://www.topmedee.mn/
0 comments:
Post a Comment